2210-р сар2019

Баасан, 28 4-р сар 2017 16:41

Др. Л.Мөнх-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгууль, Олигарх төлөвлөгөө, Авторитари дэглэмийн аюул

Written by 
Rate this item
(1 Vote)

MuugiiNiitlelImage

Миний бие хэд хоногийн өмнө «Монголын олигарх дэглэм, түүний задрал» гэдэг нийтлэл (http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2682-article_20170422_001 ) хэвлүүлж, АН-ын нэвтрүүлсэн дотоод сонгууль, сунгаа нь Монголын ард түмэнд нэр дэвших, дэвшүүлэх эрхээ олж авч иргэний туйлын, хагацагдашгүй эрх болох сонгох, сонгогдох эрхээ бүрэн дүүрэн эдэлж эх орондоо эзэн суух боломжийг нээж өгөөд байгааг та бүхний анхааралд хандуулсан билээ. Харин энэ нийтлэлээрээ уг боломж хаагдах бодит аюул нүүрлээд байгааг та бүхний анхааралд хүргэж байна. Энэхүү нүүрлээд байгаа аюул занал нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор эрх баригчдын зүгээс эдүгээ өрнүүлж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэдэг үйл ажиллагаа, түүний ард нуугдаж буй тэдний төрийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх, сонгогчдын Ерөнхийлөгчөө сонгох эрхийг хураах, магадгүй, Ерөнхийлөгчийн сонгуулийг цуцлах, улмаар Сингапурын маягийн авторитари дэглэм тогтоох санаархал юм. Тиймээс энэ нийтлэлээрээ эдүгээгийн Ерөнхийлөгчийн сонгууль болон АН-ын шинэчлэл олигархуудын өмнө ямар асуудал үүсгээд байгаа хийгээд түүнийг шийдэхийн тулд олигархууд зайлшгүй ямар гарц сонгох, ямар үйл ажиллагаануудыг, ямар зорилготойгоор явуулах, түүний үр дагавар нь юу байхыг үйл явдлын уялдаа холбоо, өрнөл, зүй тогтол дээр тулгуурлан гаргахыг хичээлээ. Тулгараад байгаа нөхцөл байдлыг зайлуулах, олигархуудын төлөвлөгөөг тасалдуулах, ардчилсан эрх, эрх чөлөөгөө хадгалах, олж авахын тулд юу хийх ёстой нь аяндаа ойлгогдоно гэж найдаж байна.

Төлөвлөгөө: Асуудал, Шийдэл
Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хаяанд ирж АН дотооддоо сонгууль, сунгаа нэвтрүүлсний буянаар Н. Алтанхуяг, Р. Амаржаргал, Б. Батбаяр (Баабар), Х. Баттулга, Э. Бат-Үүл, Г. Батхүү, Лу. Болд, Д. Дорлигжав нар “их сунгаанд” биесээ сойж, 180 мянган гишүүд нь бооцоогоо тавьж, 1 сая 900 мянган Монголчууд наадахаар догдолцгоож байх шиг. Харамсалтай нь ард олныг хөгжөөж, “ах” намын “албатуудын” атаархлыг хөдөлгөж, “даргын” жөтөөрхөлийг өдөөсөн АН-ын “их сунгаа” ардчиллын их баяр наадмыг 1) АН-ын “аюултай шинэчлэл”, 2) “ах” нам дахь халдвар, 3) Н.Алтанхуяг, Н. Энхбаяр хоёр, 4) ард түмний сонголтooс айсан “ах” намын “дарга” тэргүүтэй хэсэг олигархууд таслан, бүрмөсөн цуцалж ч магадгүй байна. Ард түмний сонгох эрхийг хураах, ардчиллыг боомилох, аливаа шаардлагатай эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх тэдний төлөвлөгөө нь “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэдэг нэртэй юм.
Тэд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх эхний алхмуудаа аль эрт хийж энэ оны 2 сарын 9-нд тусгайлан хууль гаргаж уг хуулийнхаа дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар Зөвлөлдөх санал асуулга явуулах гэдэг үйл ажиллагааг энэ 4 сарын 29-30-нд зохион байгуулахаар шийдвэрлэж Зөвлөлдөх Зөвлөл гэгчийг байгуулж Зөвлөлдөх уулзалт гэгчийг зохион байгуулж хүссэн зөвлөмжөө гаргуулж авахаар аль эрт зэхчхээд байна. Энэхүү Зөвлөлдөх санал асуулга гэгчийг 1) Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард түмний зөвлөмж гэдэг УИХ-ыг дарамтлах зэвсэгтэй болох; 2) ард түмнээс Ерөнхийлөгчөө сонгох эрхийг нь хурааж, бүх эрх мэдлийг өөрсдийн гарт төвлөрүүлж буйгаа ард түмний нэрээр хийх, зөвтгөх; 3) ирж байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хөрс сууриа бэлдэх гэсэн үндсэн 3 зорилгоор зохион байгуулж байгаа юм.
Тиймээс Зөвлөлдөх санал асуулга нь 1) Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа, 2) УИХ-ыг дарамтлах зэвсэг, 3) Ард түмний сонголтын эрхийг хурааж, өөрсдийн гарт засгийн бүх эрх мэдлийг төвлөрүүлж буйгаа зөвтгөх хэрэгсэл юм. Хэдийгээр тэд өөрсдийн хүссэн зөвлөмжийг гаргуулж Үндсэн хуулийг хүссэнээрээ яаралтай өөрчлөн АН-ын сунгааг битгий хэл Ерөнхийлөгчийн сонгуулийг ч цуцлах санаархалтай ч тэдний энэ «цахилгаан дайны» төлөвлөгөөг УИХ тасалдуулах болов уу гэж найдаж байна.
Учир нь намын “дарга” Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад шаардагдах 51 саналыг “багцалж” чадахгүй байгаа нь илэрхий. Чухам тийм учраас л олигархууд тусгай хууль гаргаж Зөвлөлдөх санал асуулга гэгчийг үйлдвэрлэж учир үл мэдэх ардыг уран гоё үгээр хошигруулж, Хамба тэргүүтэй хүндтэй ахмадуудаар ятган мунхруулж хүссэн зөвлөмжөө гаргуулж түүгээрээ УИХ-ыг дарамтлах оролдлого хийх санаатай юм. Энэ нь зүйрлэвэл 19 онд жижиг Сүй зэвсгийн хүчээр далайлгаж шанзав Бадамдорж тэргүүтэй хэдэн «ихэс дээдсээр» Улсын доод хурлыг хүчиндэж Ар Монголын автономийг устгасан мөртлөө Монголчууд өөрсдөө сайн дураар гуйж автономио устган Хятадын муж болов гэсэнтэй агаар нэг юм. Гэвч Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хаяанд тулчхаад байгаа энэ үед Үндсэн хууль өөрчилж, Ерөнхийлөгчийн сонгуулийг цуцалж, ард түмний Ерөнхийлөгчөө сонгох эрхийг хураах нь дэндүү эрсдэлтэй төдийгүй УИХ-ын болон гишүүдийн өөрсдийн эрх мэдэлд ч ихээхэн сөрөг учир эрхбиш энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болох болов уу. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгууль эцсийн шийдвэрлэх тулаан болоод байна.
МАН-ын “дарга” тэргүүтэй олигархууд Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар 1) Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх, 2) АН-ын удирдлагыг гартаа авах боломжтой болох юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тэд 1) шаардлагатай бүх эрх мэдлийг МАН-ын “даргын” гарт төвлөрүүлэх, 2) УИХ-ын эрх мэдлийг хасах танах, 3) иргэдийн Ерөнхийлөгчөө сонгох эрхийг хураан цуцлах юм. Нэгдүгээрийг биелүүлснээр тэд улс орны эдийн засагтай холбоотой асуудлууд, тухайлбал, Таван толгой, Эрдэнэт зэрэг орд газар, эрдэс баялгийн нөөцийг цэвэр өөрсдийн үзэмжээр шийдвэрлэх боломжтой болох юм. Хоёрдугаарыг хийснээр тэд хүссэнийгээ хийхэд нь, тухайлбал, Таван толгой, Эрдэнэт зэрэг дээр саад, гай болж ирсэн УИХ-ын амыг ч, амийг ч барих юм. Харин гуравдугаарыг хэрэгжүүлснээр тэд ард түмний сонголтоор хэн нэгэн Н. Энхбаяр, эсвэл Н. Алтанхуяг шиг “популист” гайнууд Трамп шиг гарч ирэх замыг бүрмөсөн хаах юм.
Ардчилсан намын удирдлагыг гартаа оруулснаар тэд З. Энхболд, Н. Алтанхуяг, С. Эрдэнэ нарын дайснуудаа улс төрөөс бүрмөсөн зайлуулахын дээр, намын дотоод сонгуулийг халах замаар өөрсдийн хуваарьгүй ноёрхлыг сэргээж, ардчиллыг, аливаа «популизмтай» хамт булшлах болно. Гэхдээ АН-ыг гартаа оруулахын эцсийн зорилго нь “С.Баярыг эсвэл С.Баярцогтыг дугуйл” гэсэн олигарх «сонголтыг» ард түмэнд тулгаж ямагт өөрсдөө төр, засгийг эрх мэдлийг хянаж байх явдал юм.
Зорилгоо биелүүлэхийн тулд тэд Н. Энхбаярыг ялтай хугацаа нь дуусаагүй гэж хасахыг хичээнэ. Харин АН-ын тухайд тэд хагалан бутаргах, магадгүй заргалдах, шүүхдэх ч арга хэрэглэж болох. Чухам ийм ч зорилгоор тэд Р. Амаржаргал, Б. Батбаяр (Баабар), Х. Баттулга, Э. Бат-Үүл, Г. Батхүү, Лу. Болд, Д. Дорлигжав нарыг дэвшүүлэхийг нь дэвшүүлж, дэвших байдалд хүрэхийг нь ч хүргээд байна. Тэдний нэр дэвшигчдийн эхний зорилго нь Н. Алтанхуягаас аль болох олон санал хөндийрүүлэх. Улмаар Р. Амаржаргалыг дэмжиж бусад нь бүгд нэрээ татах байдлаар Н. Алтанхуягийг унагах. Мэдээж Р. Амаржаргал Ц. Элбэгдоржид илүү таалагдах ч, алсдаа гай болно гэдгийг М. Энхболд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тиймээс Р. Амаржаргалын гол үүрэг нь Н. Алтанхуягийг унагаж аюулгүй байдлыг хангах явдал боловч аз байвал юмыг яаж мэдэх вэ гэж тэр ч, Ц. Элбэгдорж ч горьдож байгаа. Х.Баттулга бие даасан тоглолт хийх өндөр магадлалтай ч түүнд боломж олдохгүй. Их сайндаа л Н. Алтанхуягийн саналыг хуваалцаж, Элбэгдорж ба Ко-д санаатай, эс санаатай ч тус, дэм болоод л өнгөрнө. Гай болж Н. Алтанхуяг, Х.Баттулга хоёрын нэг гарч ирвэл сонгуульд годройтуулахын тулд тэд бүх л боломжтой мэхээ хэрэглэнэ. Тэдгээрийн тоонд заргалдах, шүүхдэх ч орж байгаа.
Мэдээж нөгөө талд нь М. Энхболд «дарга» МАН-аас өөрийн зорилгод яв цав нийцэх, хамгийн ялах магадлалтай этгээдийг, туйлын зорилгодоо нийцсэн, ялалтын хөтөлбөртэй дэвшүүлнэ. Тэр нэр дэвшигч нь Д. Лүндээжанцан мэт байх бөгөөд түүний ялалтын хөтөлбөр нь одоо ид өрнөж байгаа Зөвлөлдөх санал асуулга нэртэй ухуулга, сурталчилгаагаар хийгдэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байх юм. Мэдээж энэ нэрээ нуусан сонгуулийн сурталчилгаа 4 сарын 30-наар зогсохгүй, сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх хүртэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нэртэйгээр өрнөх болно. Д.Лүндээжанцан гишүүн энэ өөрчлөлтөд гол үүрэгтэй этгээд болж тодорч, улмаар МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болон тодрох болно. Тийм ч учраас тэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Зөвлөлдөх зөвлөл гэгчийг байгуулах, Зөвлөлдөх санал асуулга гэдэг үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгт илтэд үзэгдэхүйцээр гүйгээд байгаа юм.
Мэдээж Д. Лүндээжанцан нэр, гар цэвэр гэдгээрээ сонгогчдын санал зулгаана гэдгийг олигархууд мэдэж байгаа. Дээрээс нь Ц. Элбэгдорж шиг эрх мэдэл булаалдан, төр самарсан овилгогүй амьтны дараа харин ч ёстой нэг хувилгаан бурхан шиг дөлгөөн, нас бие тогтсон намбатай, жинхэнэ ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон буянтай Ерөнхийлөгчтэй болох нь гэсэн «бор шувуу» ч нисгэж болно, ард олныг ч «хошгоруулж» болно гэдгийг тэд тооцсон байгаа. Ялангуяа, Н. Энхбаяр, болон Н. Алтанхуяг, Х. Баттулга хоёрын нэг нь гарч ирвэл олигархууд тэднийг ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байх нь битгий хэл, харин ч хувийн өш хонзонгоор ард түмний эв нэгдлийг хагалж, улс орныг сүйрүүлнэ гэж ард олныг ятгах болно. Энэ дэвсгэр дээр нь Д. Лүндээжанцан улам бүр эв нэгдэл ярьж, үндэсний эв нэгдлээ бэхжүүлэхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж өөрийн эрх мэдлээ хасуулна, дахиж дэвшихгүй гэж сонгогчдыг уяруулна. Энэ хэрээрээ Д. Лүндээжанцан үгнээсээ буцах аргагүй болж, эргэлт буцалтгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихэд хүрнэ гэдгийг ч олигархууд мэдэж байгаа. Улмаар түүнийг сонгогдсоны дараа УИХ хандан Үндсэн хуулийн өөрчлөлт хийж, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болго гэж Зөвлөлдөх санал асуулгын зөвлөмж болон, ард түмэнд өгсөн амлалтаа баримтлан шахамдуул гэж түүнд зааварлахаа ч тэд мэдэж байгаа.

Олонхын дарангуйлал ба «Зөвлөлдөх ардчилал»
Парламентын засаглал, ялангуяа, түүний Вестминстерийн хувилбар нь олонхын дарангуйллын (tyranny of majority) жинхэнэ «биелсэн чөтгөр» бөгөөд энэ тогтолцоо нь парламентын хэмжээнд ч, олонх, цөөнхийн дотор ч аливаа асуудалд «эрүүл саруул ухаанаар», цэгц шударга, объектив байдлаар хандах; асуудлын мөн чанар, утга учрыг олох; улмаар хамгийн оновчтой шийдэлд хүрэх; түүний тулд гишүүн бүр асуудалд өөрсдийн мэдлэг чадвар, итгэл үнэмшил, үзэл бодлоор нээлттэй оролцож нийтээрээ ухаанаа уралдуулж, асуудлыг ширгээн тунгааж, «долоо хэмжиж нэг огтлох» боломжийг олгодоггүй юм.
Үнэндээ Вестминстерийн системд эгэл жирийн гишүүд нээлттэйгээр үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, ялангуяа өөрийн намын удирдлагын байр суурийг шүүмжлэх боломж тун хомс. Намын сахилга бат (party discipline) гэсэн нэрээр саналыг нь ил гаргуулах зэрэг процедурын шинжтэй механизмуудаар намын удирдлага бүх гишүүдээ хянаж, захирч байдаг. Тиймээс тус тусын намаас ирэх сахилгын шийтгэлээс эмээсэн гишүүд, асуудлын мөн чанарыг үл харгалзан намын удирдлагын байр суурийг дагадаг. Чухам үүнээс олонхын дарангуйлал гэдэг нэр томьёо үүссэн бөгөөд энэ нь хэрэг дээрээ олонхынх ч биш харин намын удирдлага, лидерийн, боссын энэ утгаараа ганцын дарангуйлал гэж хэлж болно. Тиймээс дарангуйллын энэ систем нь эрүүл саруул, объектив, нээлттэй хэлэлцүүлгийг парламентын танхим уруу шагайлгадаггүй юм. Тиймээс олонхын дарангуйлал нь аливаа асуудлын мөн чанар, утга учир, хамгийн зөв шийдэл, мөн хэнд хамгийн зөв санаа байна гэхээсээ илүү асуудалд цаг ямагт улс төрийн өнцгөөс, олонхын эрх ашгийн өнцгөөс хандаж байдаг юм.
Үүнийг манай иргэд ч, ялангуяа манай их хурлын гишүүд маш сайн мэдэж байгаа. Тухайлбал одоогийн парламентын олонх дотор Ц. Нямдорж, Ц. Даваасүрэн, Ө. Энхтүвшин, Т. Аюурсайхан нарын гишүүд бараг үг хэлэх тоолондоо «олонхын» нэртэй «даргын» дарангуйллыг бие дээрээ мэдэрч, сөрж байгааг тэд ч, «олонх-дарга» ч манай ард олон ч харж байгаа. Цөөнхөөс Ж.Батзандан гишүүн үүгээрээ ялгардгийг хүн болгон мэднэ. Намын «олонх» нь тэдэнд элдэв нэр хоч зүүх, дарамт үзүүлж байгаа нь «намын сахилга батын» арга хэмжээнүүд. Энэ бүхний хажуугаар С. Жавхлан гишүүнээс ёстой «эрх чөлөөний үнэртэй салхи» ханхалж байгааг манай ард олон мэдэрч байгаа байх.
Чухам энэхүү «олонхын» нэртэй «даргын» дарангуйллаас мултрах, эрүүл саруул, утга учиртай, улс төржилтгүй, нээлттэй объектив (бараг л эрдэм шинжилгээнийх шиг) хэлэлцүүлэг, шийдлийн механизмыг бий болгох санаагаар гаргаж ирсэн ойлголт нэр томьёо нь «зөвлөлдөх ардчилал» (delibrative democracy) гэж орчуулаад байгаа учрыг нь олох, хужрыг нь тунгаах, долоо хэмжиж нэг огтлох учирлах ардчилал бөгөөд энэ зорилгоор бүтээсэн механизм нь «зөвлөлдөх санал асуулга» (delibrative opinion poll) гэдэг санал асуулгын арга. Уг онолын эзэд парламентын процедуруудыг засах гэхээсээ илүү референдум (нийтийн санал асуулга), улс төрийн мэтгэлцээн (ялангуяа Америкийн ерөнхийлөгчийн дибэйт) болон нийгмийн ухааны зарим нэг тоон аргыг хослуулан энгийн иргэдийн оролцоотойгоор асуудлыг шийдэх аргыг эрхэмд үзсэн нь энэ.
Гэвч улс төр хаа сайгүй нэвчсэн төдийгүй хүмүүс аливаа асуудлын талаар учрыг нь олж, хужрыг нь тунгааж, долоо хэмжээгүй хирнээ л аль нэг талыг барьсан байр суурьтай байдаг. Тиймээс уламжлалт санал асуулгад оролцогчид ихэвчлэн «мэдэхгүй байж мэддэг юм шиг» хариулдаг. Тиймээс энэ байдлыг засаж мэдээлэлтэй, мэдлэгтэй, ухамсартай, зорилготой хариулт, сонголт хийлгүүлэх зорилгоор уг асуудлаар иргэдийн дунд ухуулга, мэтгэлцээн, хэлэлцүүлэг зохион байгуулсны дараа тэднээс саналыг нь асуух арга нь «зөвлөлдөх санал асуулга» юм. Энгийнээр хэлбэл тархийг нь «угааж», «цэнэглэж» «ухамсар суулгаж» байгаад саналыг нь асууна гэсэн үг.
Үүнтэй холбоотойгоор хамгийн ярвигтай асуудал үүсдэг нь хэн угааж, цэнэглэж, ухамсар суулгах вэ гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл хэний ухамсар зөв бэ гэдэг асуудал. Нөгөө талд нь хэнийг энэ «туршилтанд», хэрхэн түүвэрлэх вэ гэдэг ч бас чамгүй асуудал дагуулдаг. Гэхдээ хэн угаах вэ гэдэг асуудал хамгийн төвөгтэй нь. Учир нь хэн нэгэн нь тухайн асуудлыг бурхан мэт нэвт шувт мэдэж байсан ч, чухам түүнийг уг асуудлыг мэдэж байгаа, тэр нь бурхных (бурхан ч бас хиргүй, тунгалаг биш л дээ) шиг хиргүй тунгалаг гэдгийг хэн мэдэх вэ, түүнийг нь хэн хүлээн зөвшөөрөх вэ гэдэг асуудал тавигддаг юм. Эндээс талуудын асуудал ургана. Тиймээс мултарч, зугтах гэсэн улс төртэйгөө буцаад л зууралдахаас, түүнийг урьж авчрахаас өөр аргагүй болдог. Учир нь хүн болгон тал, тал болгон өөрсдийн бурхантай, шүтээнтэй, богдтой. Тиймээс тал талын адил бурхдыг, богдсыг залж Америкийн ерөнхийлөгчийн мэтгэлцээн мэтээр оролцуулахаас өөр аргагүй болдог. Товчхондоо иргэд «зөвлөлдөх» тархитай болохын тулд эхлээд уг асуудлаар талуудын богдсын тархи угаалтад ороод дараа нь угаагдаж, цэнэглэгдэж, ухамсартай болцгоосон тархиудаараа зөвлөлдөх ёстой юм.
Улс төрийн хэлээр бол асуулгад оролцогчид уг асуудлаарх бүх талуудын эсрэг, тэсрэг мэдээлэл, мэдлэг, ухуулгыг тэнцвэртэй авсан байх ёстой юм. Энэ нь улс төрийн талууд төдийгүй, үзэл онолын өөрөөр хэлбэл эсрэг тэсрэг үзэл бодолтой экспертүүдийн ч адил, тэнцүү оролцоог хангана гэсэн үг. Тухайлбал одоогийн явагдаж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар зүй нь Монголын улс төрийн бүх намууд (парламентад суудалтай гэвэл зөвхөн парламентын тал болно), болон эсрэг тэсрэг байр суурьтай экспертүүд адил, тэнцүү байдлаар оролцох ёстой юм. Хүн бүр харилцан адилгүй чадвартай тул адил, тэнцүү оролцоог хангана гэдэг бараг боломжгүй зүйл боловч ядаж талууд тооны хувьд адил тэнцүү оролцоотой байх ёстой юм. Чухам ингэж байж л асуулгад оролцож байгаа иргэд долоо хэмжих боломжтой болох юм. Жеймс Фишкиний (James Fishkin) дэлибрейтив санал асуулгын гол санаа ерөнхийдөө энэ.

Олонхын дарангуйллын зэвсэг болгосон нь
Харин «олонх-даргын» бий болгосон «зөвлөлдөх санал асуулга» гэгч нь Фишкиний санал асуулгын яг эсрэг, бүр яг зуун наян хэм эсрэг зүйл! Тиймээс ч МАН-ын хэрэг дээрээ Г. Занданшатар-«Дарга» хоёрын «зөвлөлдөх ардчилал» гэгч нь Фишкиний дэлибрейтив димаакрси-гийн тэс эсрэг, «олонх-даргын» дарангуйллаас зайлсхийх, түүнийг хязгаарлах хэрэгсэл бус харин «олонхын дарангуйллын» зэвсэг, тэдний ухуулгын «улаан булан» болж хувирсан байна.
Учир нь УИХ-ын энэ оны 2 сарын 9-нд баталсан «Зөвлөлдөх санал асуулгын тухай» хууль, Төрийн байгуулалтын байнгын хорооны 4 сарын 19-нд баталсан «Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам» нь талуудын адил, тэнцүү оролцоог бүрмөсөн үгүйсгээд зогсохгүй олонхын дарангуйллыг хуульчилсан учир «зөвлөлдөх санал асуулга» нь хэрэг дээрээ «дарга-олонхын» дарангуйллaас зайлсхийх арга бус харин бүр түүний дарангуйллыг улам бүр бэхжүүлэх, дарангуйллын зэвсэг болон хувирчээ.
Уг хуульд зааснаар зөвлөлдөх санал асуулга явуулах үйл явцыг эхнээс нь эцсийг нь хүртэл түүний дотор асуулгын сэдэв (10.2), удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл (8.8), «хөндлөнгийн шинжээч, эксперт, илтгэгч, хөтлөгч, ажиглагчийг» томилох (8.12.3), «тухайн санал асуулгын сэдвээр олон талт мэдээлэл, тайлбар, танилцуулгыг өгөх» (11.10.6) зэрэгт «шийдвэр гаргах эрх бүхий этгээд» гэгч шийдвэрлэх үүрэгтэй оролцох ёстой бөгөөд уг этгээд нь «хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн бүх шатны байгууллага, хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийн дагуу захиргааны хэм хэмжээний акт гаргах нийтийн эрх зүйн бусад этгээд, бүх шатны нутгийн өөрөө удирдах байгууллагa» аж. Энгийнээр хэлбэл УИХ, Засгийн газар гэх мэт нь буюу өөрөөр хэлбэл «олонх=дарга»!
Тиймээс эдүгээгийн явагдаж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуулга дээр УИХ-ын дарга М. Энхболд «олонх=дарга» учир тэрээр асуулга, уулзалтыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг томилж, асуулгын сэдэв, асуудлуудыг боловсруулуулж баталсан төдийгүй журмын 2.4-т зааснаар өнөөх л М. Энхболд «даргын» томилсон Зөвлөл нь «хөндлөнгийн шинжээч, эксперт, илтгэгч, хөтлөгч, ажиглагчийг» ахиад л М.Энхболд «даргад» «санал болгох» бөгөөд хэнийг авахаа мөн л М. Энхболд «дарга» тааллаараа мэдэх аж. Түүгээр ч барахгүй, хуулийн 11.10.6-аар «тухайн санал асуулгын сэдвээр олон талт мэдээлэл, тайлбар, танилцуулгыг шийдвэр гаргах эрх бүхий этгээд, хөндлөнгийн судлаач, мэргэжилтэн, шинжээч өгөх» ёстой учир дахиад л М.Энхболд «дарга» өөрийн сонгож авсан багтайгаа ирж дээрх үүргийг гүйцэтгэх аж. Ийнхүү М. Энхболд «дарга-олонх» бүхнийг шийдэж, зөвхөн түүний сонгосон «мэдэгчид» (шинжээч, эксперт, илтгэгч, хөтлөгч, ажиглагч), түүний удирдлага дор асуудлын учир жанцанг айлдах юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр санал асуулгад оролцох иргэд зөвхөн «олонх-даргын» талын тархи угаалт, цэнэглэлт, ухамсар суулгалтад орно гэсэн үг. Тиймээс л «зөвлөлдөх санал асуулга» нь «олонх-даргын» үзэл суртал, ухуулгын улаан булан, «олонхын дарангуйллын» зэвсэг болж хувирчхаад байгаа юм.

Хуульд талуудын, ялангуяа улс төрийн нам-талуудын тэнцвэрт оролцоог хангах тухай нэг ч заалт байхгүй бөгөөд хуулийн 11.10.6-аар «тухайн санал асуулгын сэдвээр олон талт мэдээлэл, тайлбар, танилцуулгыг шийдвэр гаргах эрх бүхий этгээд, хөндлөнгийн судлаач, мэргэжилтэн, шинжээч өгөх» гэж илт тоочин заасан учир «олонх-даргаас» өөр улс төрчид оролцож эсрэг, тэсрэг байр суурь илэрхийлэх нь хууль бус үйлдэл болох нь ойлгомжтой. Улмаар дээр дурдсан асуулгын сэдвийг боловсруулах, батлах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах, «хөндлөнгийн шинжээч, эксперт, илтгэгч, хөтлөгч, ажиглагчийг» томилох зэрэгт «олонх-даргаас» өөр аливаа талын оролцоо шууд үгүйсгэгдсэн байгаа. Тиймээс аливаа Зөвлөлдөх санал асуулгууд нь «олонх-даргад» үргэлж хүссэн зөвлөмжийг нь гаргаж өгөх болно. Ийнхүү МАН чухам олонхын, өөрөөр хэлбэл, МАН-ын өөрийнх, Н. Энхболд «даргын» өөрийнх нь дарангуйллаас зайлсхийх, түүнийг хязгаарлах гэж бий болгосон хэрэгслийг онолын эцгийнх нь оролцоотойгоор «олонхын дарангуйллын» зэвсэг болгож хувиргасан байх юм.
Үнэндээ М. Энхболд «дарга» энэ хуулийг уг хуулийн 6.1.1-д зааснаар зүгээр ч нэг гаргаагүй харин «Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлох» зорилгоор гаргасан төдийгүй, тэгэхдээ бүр зөвхөн өөрийн хүссэн нэмэлт өөрчлөлтийг оруулах «үндэслэл, шаардлагыг» дэмжүүлэх зорилгоор, улмаар түүгээрээ УИХ-ыг тэр тусмаа олонхын дотор байгаа «сахилгагүй» нөхдүүдийг «дарамтлах», «ташуурдах» «олонх-даргын» зэвсэг болгож гаргасан нь илэрхий. Мэдээж «дарга» ба олигархууд Зөвлөлдөх санал асуулга гэгчээр ард түмнээс Ерөнхийлөгчөө сонгох эрхийг нь хураан авч буйгаа ч, бүх эрх мэдлийг өөрсдийн гарт төвлөрүүлж буйгаа ч зөвтгөх хэрэгсэл болгон хэрэглэхээ сайтар мэдэж байсан хэрэг. Ард түмний хүсэлт, шаардлага, зөвлөмжөөр гэж өөрсдийнхөө үйлдлийг зөвтгөх болно. Нөгөө талаар тэд Зөвлөлдөх санал асуулга гэгчийг төлөвлөгөөгөө биелүүлэх ухуулга, сурталчилгааны улаан булан төдийгүй бүр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хэрэгсэл болгон хэрэглэж болох юм гэдгийг ч тооцож байсан болов уу.
«Олонх-дарга» аль хэдий нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төслийн дагуу найдвартай дэмжих өөрийн талын 750 биш юм гэхэд 600 этгээдийг олчихсон, эдүгээ тэднийг энэ сарын 29-30-ны өдрүүдэд хэрхэн жүжиглэх ёстойг сургагчдаараа дамжуулан сурган боловсруулж драмын жүжгээ дэглэж байгаа. Мэдээж хэд хэдэн хүнд нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн ноцтой шалтгаан бүхий үг цээжлүүлж байгаа, нэг хэсэгт нь мэдээж Ерөнхийлөгч рүү дайрсан, нөгөө хэсэгт нь УИХ рүү хандсан хурц, хурц үгнүүдийг цээжлүүлж байгаа нь ойлгомжтой. Бүтэн 2 өдөр бүх телевиз, радиогоор нэвтрүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлт, үндэсний эв нэгдэл, парламентын засаглалыг төгөлдөржүүлж «СОНГОДОГ ПАРЛАМЕНТ»-ын засаглалтай болъё, Герман, Англи, Канад, Япон, Энэтхэг, Израиль, Сингапур шиг хөгжье гэж сурталдах болно. Эцэст нь оролцогчдын 85 аас 90 хувь нь «сонгодог» парламентын засгийг дэмжсэн санал гаргаж, «ард түмэн» зөвлөмжөө сүр жавхлантайгаар М.Энхболд «даргад» гардуулж, ард түмэн үгээ хэллээ, ажил хэрэг болгоорой, ажил хэрэг болгохын тулд та Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээрэй гэж Хамба тэргүүтнүүд захицгаах болно. Мэдээж М.Энхболд «дарга» ард түмэн манай намд итгэж ачааны хүндийг үүрүүлж байна гэж ойлгож байна. Ард түмнийхээ даалгаврыг нэр төртэйгөөр биелүүлнэ гэж амлана. Тэгснээр тэрээр Д. Лүндээжанцанг дэвшүүлэх асуудлыг үндсэндээ шийдэж байгаа юм.

«Дарга» ба Олигархуудын үнэн зорилго
«Ард түмний даалгасан» Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”, “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх… үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, зэрэг 5 бүлэг, 13 зүйлээс гадна “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох дээд байгууллага-Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх” гэсэн нэг нэмэртэй.
Гэвч М. Энхболд «дарга» тэргүүтэй oлигархуудын хувьд хоёрхон зүйл л чухал. 1.1-ийн «Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох», 2.1-ийн «Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлаас сонгодог болох». 2.1-ийн доторх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байх, улируулан сонгохгүй байх, аймаг, нийслэл, хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт гишүүдийн оролцсон өргөтгөсөн хуралдаан болон үлдсэн 11 зүйл ба нэмэр бүгд хошгоруулах, анхаарлыг сарниулах, хагалан бутаргах, УИХ-ыг дарамтлах зорилготой тактикийн өөш, урхи, гох, дэгээнүүд.
Харин дээрх 2 зүйлээс «дарга»-олигархуудын эн тэргүүний зорилт бол «Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлаас сонгодог болгох». Харин 1.1 нь удаах нь. Учир нь энэ бүх төлөвлөгөөг боловсруулахад хүргэсэн үйл явдал бол Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон Ц. Элбэгдоржийн хугацаа дуусч байгаа явдал юм. Үүний улмаас дээр өгүүлснээр АН-ын сунгаа улмаар ард түмний сонгуулиар Н.Алтанхуяг, Н. Энхбаяр хоёрын аль нэг нь гарах төдийгүй АН-ын шинэчлэл “ах” намд халдан ард түмний ололт болох аюул үүсчхээд байгаа юм. Эдгээрээс айсан бүх олигархууд «Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлаас сонгодог болох» дээр нэгдэж байгаа юм.
АТГ, шүүх, прокурор, тагнуул, арми зэрэг Монголын төрийн хүчний, хүчирхийллийн, шоронгийн бүх эрх мэдлийг алдах нь Ц. Элбэгдорж тэргүүтний хувьд цаазын ял гэсэн үг. М. Энхболдын хувьд эрх мэдэл булаалдах дайсан гарч ирэхээс гадна, АН-ын аюултай шинэчлэл (дотоод сонгууль, сунгаа) намд нь халдаж түүний эрх мэдлийн эх сурвалж болсон нэр дэвшүүлэх эрхийг нь гишүүн болгоны, хүн болгоны ололт болгож түүний «даргыг» хоосон нэр болгох вий гэдэг аюул байгаа юм. Тиймээс л тэд нэгдэж дээрх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд, тэгэхдээ тэд 4 жил тутамд сандарч байхын оронд асуудлыг нэгмөсөн нэвт шувт шийдье гэж шулуудсан хэрэг. Үнэндээ өөрсдийн гарт хөнгөхөн авч болох байсаар байтал ард түмэн гэдэг “харанхуй массаар” сонгуулж азаа үзэх үнэхээр тэнэг хэрэг нь ойлгомжтой.
Тиймээс Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох нэрээр хэрэг дээрээ намын-ангийн «дарга» гартаа авч Ерөнхий сайданцарын нэгэн адил өөрийн нэг «гар-хүүхэлдэй» болгон тавих учиртай. Ийнхүү тэрээр намын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бүгдийг нь төвлөрүүлэх ёстой. АТГ, цагдаа, шүүх, прокурор, тагнуул, арми гээд хүчний бүх эрх мэдэл М. Энхболд «даргын» найдвартай гарт ирж асуудал бүрмөсөн шийдэгдэх юм. Энэ бүх эрх мэдлийг биеэрээ хоёр «гараараа» атгасан «даргад» УИХ-ын доторх «зөрүүд, зөнөг, тэнэгүүдийг» сахилгажуулах тун хялбархан байх болно. Энэ бол М. Энхболд «даргын» «Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх» ариун үүрэг.
«Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох» бол түүний хувьд зорилт гэхээсээ болзошгүй хувилбар бас мэх. Уг зүйл нь дээрх эрх мэдлүүдийг Ж. Эрдэнэбатад олгох гэж байгаа юм огт биш харин түүний нэрээр намын «дарга» уг эрх мэдлүүдийг УИХ-аас дээрэмдэх ёстой юм. УИХ-ын дарга нь намын «даргатайгаа» нийлээд УИХ-ийнхаа эрх мэдлийг хулгайлах гэж байгаа юм гэж хэлж болно. Зүйрлэвэл Ч. Сайханбилэг Ц.Элбэгдорж ба Ко-той нийлээд Эрдэнэтийн 49 хувийг цувчуулсантай агаар нэг зүйл.
Гэхдээ энэ эрх мэдлийг УИХ-аас булаах хэцүү гэдгийг «дарга» мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Нөгөө талаар энэ эрх мэдэл нь түүний одоогийн хүчирхэгжилийн нэг чухал эх сурвалж гэдгийг ч тэр мэднэ. Улмаар нэгэн биед төрийн 3 биеийг төдийгүй, 3 Монголыг одоогийн Монголд багтаах төвөгтэйг ч тэр мэдэхтэйгээ. Тиймээс эрт орой хэзээ нэгэн цагт «аймгийн засаг» даргыг хэн нэгэн нь зайлуулах л болно. Тэр цагт түүнд Ж. Эрдэнэбат шиг «үнэнч хав» олдохгүй, өөрөө болно гэвэл бослого гарна гэдгийг ч тэр гадарлаж байгаа. Тиймээс тэрээр энэ эрх мэдлийг авах, тэгэхдээ бүр өөр биеэр дамжуулж авахыг нэг ч их дурлахгүй. Гэхдээ Ерөнхийлөгчийг хүүхэлдэй болгох төлөвлөгөө бүтэлгүйтвэл хувилбартай байх, мөн Ерөнхийлөгчийг хүүхэлдэй болгохын тулд УИХ-ыг aцан шалаанд оруулж шахахын тулд тэрээр энэ хувилбарыг хадгалж байгаа юм.
Харин олигархууд түүнийг энэ эрх мэдлүүдийг ав, «дарга та» «СУПЕР ЛИДЕР» болж Тетчер, Блейр, Аденнауэр, Коль, Мэркель шиг тэр ч байтугай Лий Куан Юү, эсвэл Цэдэнбал шиг «мөнх» засаглана гэж ятгаж байгаа болов уу. Тэдний зорилго М. Энхболдод эрх мэдэл өгөхдөө бус харин Эрдэнэт, Таван толгой зэрэгт гай болсон Их Хурлаас эрх мэдлийг нь булааж УИХ-ыг “хоосон чалчигчдын хүрээлэн”, «даргын» юу хүссэн есөн хүслийг биелүүлэгч болгон хувиргах явдал. Юм л бол огцруулна шүү гэж занаж, зүхэж байж айлгахгүй ч арзайлгадаг байсан УИХ энэ эрх мэдлээ тавиад туучихвал “шүлс үсчүүлсэн шүдгүй хагархай” болохоос өөр юу ч болох билээ. Үнэндээ энэ бүхэн нь Ч. Сайханбилэгийн (олигархуудын) хүсээд байсан эрх мэдлүүд. Ч. Сайханбилэгт энэ эрх мэдэл байсан бол Тавантолгой аль хэдий нь ЭмСиЭсийнх, Эрдэнэт эргэлт буцалтгүй Худалдаа хөгжлийнх байх байсан төдийгүй Дубайн гэрээний тухай одоо ч болтол хэн ч олж мэдэхгүй байх байсан. Тийм учраас л тэд улс нийтийн ч өмнө, унаган нутаг ус-тойргийнхоо ч өмнө улалздаг УИХ-ын эрхийг хасаж, танах гээд байгаа юм.
Мэдээж үүнийгээ тэд парламентын засгийг төгөлдөржүүлэх, сонгодог парламентын засгийг байгуулах, «СУПЕР ЛИДЕР»-тэй болж Англи, Герман, Сингапур шиг хөгжих гэх зэргээр сурталдаж ч байна, хошгоруулж ч байна. Харин зорилгоо биелүүлэхэд нь хамгийн их саад, гай тотгор болж байгаа газар нь УИХ, ялангуяа Үндсэн хуулийг өөрчлөх 51 суудал. Мэдээж “дарга», олигархуудад 51 саналын нэлээд нь байгаа ч цөөхөн хэдэн санал дутагдаж байгаа. МАН 65 суудалтайг бид бүгд мэднэ. Харин «олонх-дарга» 51 хүрэхгүй байгаа юм. Тиймээс МАН-ын 65 бүгдээрээ «олонх» биш гэдгийг та бүхэн эндээс харж байгаа байх. «Дарга ба олигархуудын» барлаг байхыг хүсдэггүй, бие даасан «зөрүүд, зөнөг, тэнэг» хэдэн нөхөд бий. Тэд л чухам тэр шаардлагатай 51 суудлыг нь гацаачихаад байгаа хэрэг. Чухам тийм учир МАН дахь «цөөнхийг» буюу тэр үлдэж байгаа цөөхөн гишүүдийг дарамтлах зорилгоор Зөвлөлдөх санал асуулга гэгчийг хийж байгаа бол мөн дарамтлах, тэдний саналыг юу ч биш болгох санаатайгаар «аймаг, нийслэл, хотын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нийт гишүүдийн оролцуулсан» өргөтгөсөн хуралдаан хийнэ гээд сурталдаж байгаа юм.
Ийнхүү олигархууд, «ангийн даргатай» нь нийлээд УИХ-ыг гарах гарцгүй ацан шалаанд оруулах занга зэхчхээд, улмаар Монголд Сингапурын маягийн авторитари, гэхдээ авилгажсан олигархуудын эрх ашгийг хамгаалсан авторитари дэглэм тогтоохоор бэлдэж байна. Тиймээс эдүгээ араатай бол араатай, шүдтэй бол шүдтэй байж «аймгийн дарга», «ангийн даргын» хоёр нүүртэй «намын даргаа» хөмсөг зангидахад нь хөл чичирч, хоолой засахад нь гөлс хийж суугаа УИХ-ын гишүүд, ялангуяа албан тушаал горилж, ая тал засан гүйдэг нөхөд АТГ, цагдаа, шүүх, прокурор, тагнуул, армийг «ангийн даргадаа» өгөх тухай бодохоосоо өмнө өгвөл юу болох вэ гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Ард, иргэн нэртэй ч эдлэх эрхгүй «харанхуй хар массыг» боддоггүй юмаа гэхэд амин хувийн эрх ашиг, амь амьдралаа бодох хэрэгтэй. АТГ, шүүх, прокурорыг «атгасан» атигар нөхөр Намбарын хүүг төдийгүй, намыг нь тавхан жилийн өмнө яасныг санах хэрэгтэй. Намаа ч бас яаж «яргалсныг» нь тунгаах хэрэгтэй болоод байна.
Одоо яагаад үлдсэн 12 зүйл бүгд хошгоруулах, анхаарлыг сарниулах, хагалан бутаргах, УИХ-ыг дарамтлах зорилготой тактикийн өөш, урхи, гох, дэгээнүүд гээд байгаагаа зөвхөн нэг зүйл дээр тайлбарлая. Ингэхдээ Н. Алтанхуягийн засгийг, АН-ыг төдийгүй ардчилалыг УИХ-тай нь хамт ард олны дунд муухай харагдуулж байгаа «давхар дээл» хэмээх Ц. Элбэгдоржийн давхар үзүүртэй мэсийг жишээ болгоё. Энэ нь «Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлах» гэдэг зүйл.
Парламентын засаглал гэж парламент нь өөрөө засагладаг засаглалыг хэлдэг. Өөр хэн ч биш чухам парламентын сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламент нь хуулиа тогтоохоос гадна, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхийг парламентын засаглал гэдэг бөгөөд кабинет эсвэл Засгийн газар гэж нэрлэгдэж байгаа институц нь хэрэг дээрээ гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг парламентын нэг байнгын хороо юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь УИХ-ын Төрийн байгуулалтын, Хуул зүйн, Гадаад бодлогын зэрэг байнгын хороодын нэг адил УИХ-ын нэг, гэхдээ хамгийн чухал байнгын хороо. Тиймээс УИХ-ын эдгээр байнгын хороодод УИХ-ын гишүүн бус хүн ордоггүйн адил Кабинетад өөр хүн барагтай бол ордоггүй юм. Яагаад?
Яагаад гэвэл парламентын засаглалын, улмаар парламентын сонгуулийн хамгийн гол «олз, шагнал, бялуу» нь кабинет! Энэ кабинетыг эзлэхийн төлөө нам-талууд өрсөлддөг юм. Kабинетийн топ суудлыг эзлэхийн төлөө намын лидер өрсөлддөг юм. Яг нам шиг, намын албан ёсны лидер шиг намын бусад лидерүүд ч гэсэн мөн эдгээр суудлуудын аль нэгийг эзлэхийн төлөө өрсөлддөг юм. Чухам ийм учраас л парламентын засаглалын системд засгийн газар буюу кабинетын гишүүд нь парламентын гишүүд байдаг юм. Энэ нь улс төрийн тэмцлийн логик, учир, зүй тогтлоор шалгарсан, тогтсон ёс!
Гэтэл эдгээр суудлын дийлэнх олонхыг нь өөр хүмүүст өгнө гэдэг юу гэсэн үг вэ? Ялагчаас ялалтыг нь, ялалтын цомыг нь луйвардана гэсэн үг биш үү. Улмаар ялагчид байхгүй бол нам яаж тэр суудлуудыг ялах билээ. Нам яаж ялагчдаа тулалдаанд оруулах вэ? Ялалтын цомыг гардахгүй, үр шимийг хүртэхгүй юм бол ялагчид тулалдаанд орох, ялах ямар хэрэг байна? Ямар ялагч ялах нэр ч, нүүр ч, чадал ч үгүй этгээдэд ялалтын цом авч өгөхийн тулд олсон зөөсөн жаахнаа үрэн таран, өдөр, шөнө, өглөө оройгүй, шар нар, бор хоногт гандан, гундан, харлан, хөхөртлөө 21 хоног орилж, улаан нүүрээ улалзуулах вэ? Өөрөөр хэлбэл нам «лойдеруудийг» сайд болгохын тулд лидерүүдийг «Ирак, Сири, Афганистан» руу «жадлан» явуулах хэрэг үү? «Лойдерийн» өмнөөс дайнд явсан лидерийн шан, харамж, шагнал урамшуулал нь юу байх вэ? Сайд болох санаатай олигархаас мөнгийг нь сааж, «бие сэтгэлээ, үнэлэгчдээр» УИХ-аа бүрдүүлэх хэрэг үү? Төр орших уу? Энэ асуудлыг нам яаж шийдэх вэ?
Эсвэл пропорционал систем, намын жагсаалтад шилжих үү? Олонх бүрдүүлэхийн тулд эвсэл байгуулах болно. Яаж тогтвортой олонх, засгийн газар бүрдүүлэх вэ? Хэн эвсэл байгуулж, хэн засгийн газрыг бүрдүүлэх вэ? Одоо манай Үндсэн хуульд заасан «олон гэдэг» заалт ийм системд тэр болгон үйлчлэхгүй. Учир нь пропорционал системтэй, намын жагсаалттай системд олонх болох нь битгий хэл, олон болох нам тэр бүр байдаггүйн дээр, олон болсон нам ч тэр бүр эвсэл байгуулж чаддаггүй. Засаг байгуулахад хэцүүгээс гадна, эвсэл задрах, засаг унах аюул асар өндөр. Улс төрийн байнгын тогтворгүй байдал нүүрлэнэ. Учир нь ийм системд нэр хүндтэй улс төрчид өөрсдөө лидер байхыг хүсдэг учир өөрсдийн намыг байгуулдаг. Тиймээс энэ систем нь олон тооны жижиг намтай, тархай бутархай систем байдаг.
Үнэндээ парламентын засаглалын оргилд парламент ч биш, парламентын олонх ч биш, кабинет (засгийн газар) оршиж байдаг юм. Кабинет нь намын ялалтын шагнал, хувааж хүртэх бялуу. Бялууг хүртээхдээ эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байх хэрэгтэй. Эс бѳгѳѳс хэрүүлийн алим. Тиймээс сайд нарыг ерѳнхий сайд томилох, чѳлѳѳлѳх эрхтэй ч хэрэг дээрээ кабинетын суудлууд нь олонхын эв нэгдэл, парламентын дэмжлэгийг хангах («худалдаж авах») хэрэгсэл байдаг. Тиймээс олонхыг хянахын тулд, парламентыг дарангуйлахын тулд кабинетыг байгуулдаг гэж хэлж болно. Энэ логикийг «давхар дээл» тайлж, халж дийлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг Ц. Элбэгдорж ч, М. Энхболд ч мэдэж байгаа. Эргэлзэж байгаа бол «сонгодог» гэж тэдний магтаад байгаа Англи, Герман, Израиль, Япон бүгдийг нь хар. Харин Засаг, хурал 2 нь өвөр түрийндээ орчихсон, бие биенээ олонхоороо түрээ барьж өмгөөлдөг, хамгаалдаг явдалд ард олон дургүй байгаа бол парламентын хэмээх энэ засаглалын системийг бүрмөсөн халж Ерөнхийлөгчийн хэмээх АНУ-ынх шиг засаглалын системийг сонгох хэрэгтэй. Учир нь өвөр түрийндээ орж, бие биенээ олонхоороо түрээ барьж өмгөөлж, хамгаалах нь угаасаа парламентын засаглалын ёс. Тиймээс «давхар дээл» цэвэр популист хошгоруулалт.
«Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал» гэдэг нь ч тэр. Хууль тогтоохгүй, засаг байгуулахгүй “төрийн эрх барих дээд байгууллага” гэж юу байх вэ? Төр барих гэдэг үгний үгийн утга нь хууль тогтоох, засаг байгуулах гэсэн хэрэг! Тэгэхээр хууль тогтоох эрхгүй, засаг байгуулах эрхгүй “төрийн эрх барих дээд байгууллага” гэдэг бол хоосон нэр, цаасан малгай! Мөндөл мэт годгонуулж, тарвага мэт хошгоруулахын нэр! Өөр юу ч биш! Дээрээс нь Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэсэн энэ бүх тэмцлийн эцсийн цэг нь АТГ, шүүхийн эрх мэдлийг өөр бусдад алдахгүйн тулд хийгдэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин АТГ болон шүүхийг улс төрөөс хараат бус болгох алхмыг олигархууд зөвхөн Н. Алтанхуяг, Н. Энхбаяр 2-ын нэг нь Ерөнхийлөгчөөр сонгогдвол хийнэ гэдгийг бас ойлгох хэрэгтэй.

Учир жанцан нь:
Үндсэн хуулийг өөрчлөх төлөвлөгөө үндэсний эрх ашиг гэгч дээр дөрөөлж байгаа боловч үнэндээ цөөхөн олигархын өчүүхэн эрх ашиг, айдаснаас үүдэлтэй юм. 1) АН-ын дотоод сонгууль, сунгаа “ах” намыг “газарт оруулаад” байгаа. Учир нь а) АН-ын сонгууль, сунгаа aрд олны нүдийг нээж, найдварыг төрүүлээд зогсохгүй МАН-ыг мaaпаантай, мафи шиг муухай харагдуулж байгаа. б) Н. Алтанхуяг, Р. Амаржаргал тэргүүтний Америкт байгаа юм шиг “аархал” “ах” намын “атамануудыг” Хятад байгаа юм шиг харагдуулах төдийгүй, адилхан Монголд байж нэг нь Америкт, нөгөө нь Хятадад байгаа юм шиг арай ч дээ гэсэн ичгүүр, ундуйцэл, дургүйцлийг нь төрүүлээд байгаа юм. Үнэндээ АН-ын шинэтгэл АН-ынх юм шиг боловч хэрэг дээрээ Монголын улс төрийн намын шинэтгэл учир МАН-ыг ийнхүү буландчихаад байгаа юм.
2) Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль АТГ, шүүх, прокурор зэрэг Монголын төрийн хүчний, хүчирхийллийн, шоронгийн эрх мэдлийг AН-д уу, МАН-д уу, МАХН-д уу, Н.Алтанхуягт уу, Н. Энхбаярт уу, эсвэл гэдгийг ард олноор шийдүүлнэ гэхээс МАН-ын “олонх-даргын” ч, олигархуудын ч дотор нь харанхуйлж, толгойтой үс нь зарайж байгаа юм. Дээрээс нь АН-аас Н. Алтанхуягийг, аль эсвэл МАХН-аас Н. Энхбаярыг гаргуулахгүйн төлөө юу ч хийхээс буцахгүй нэг этгээд байгааг Монголчууд бүгдээрээ мэдэж байгаа. Тиймээс тэд 1) Ерөнхийлөгчийг АН-д алдахгүй, МАХН-д тонуулахгүй байх аргыг хайж байгаа нь энэ.
Аз болж МАН авлаа гэсэн ч авагдсан хойноо гай болдгоороо намыг нь ч төдийгүй, засгийг нь ч хагалан бусниулах аюултай албан тушаал бол Ерөнхийлөгч. Учир нь 1991 оны намын гишүүнээс түдгэлзэх хуулиар Ерөнхийлөгч нь намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх ёстой юм. Тиймээс “дарга” Ерөнхийлөгч болбол намаасаа, “даргаасаа” салж П. Очирбат, Н. Багабанди, Н. Энхбаяр, Ц. Элбэгдоржийн араас орно гэсэн үг. Үүнийг МАН-ын одоогийн “дарга” маш тодорхой ухаж байгаа. Тэгээд ч гай болж унавал ямар нүүрээрээ төр битгий хэл нам жолоодох билээ. Унасан бөх туг тойрдог бил үү, тахимаа өгдөг бил үү? Үүнийг МАН-ын одоогийн “дарга” хэнээс ч илүү мэдэрч байгаа. Тиймээс дэмждэгүүд нь ч, дэвшүүлэн зайлуулахыг хүсэгчид нь ч түүнийг Ерөнхийлөгч гэсэн ч тэр дэвшихгүй.
Мэдээж энэ нь асуудлыг шийдэхгүй. АТГ ба бас бусыг АН, МАХН, Н. Алтанхуяг, Н. Энхбаяр хоёрт алдахгүйн тулд МАН ард олонд нэр хүндтэй, арав давах нэгнийг дэвшүүлэх хэрэгтэй болно. Арав давахыг нь бодвол аварга Б. Бат-Эрдэнэ, ард олонд нэртэйг нь бодвол Ц. Нямдорж гэх мэт. Аварга “даргад” таалагдах ч ахиад бүдрэх магадлалтай. Давбал нэр, сэтгэл, гарын цэврийг эрхэмлэдэг аварга “даргын” хүслээр явахгүй. “Ангийн дэд дарга” ард олонд дэмжигдэх магадлалтай ч Ц. Элбэгдорж Н. Алтанхуягийг яасныг “дарга” дэндүү сайн мэднэ. Тиймээс тэр л лав биш. Энэ мэтээр ялах магадлалтай хэн ч байсан, ялсан хойноо заавал Элбэгдорждох тул намыг нь ч, засгийг нь ч хагалах болно. Асуудлын гол нь ард түмний 50-иас илүү хувиар сонгогдсон, АТГ, шүүх, прокурорыг атгадаг Төрийн тэргүүнд ч “ангийн дарга” ч, намын “дарга” ч хэн ч биш болдог жамтай юм.
Тиймээс ард түмнээр сонгуулахгүй, АН, МАХН -д алдахгүй байх аятайхан арга нь “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэдэг дээрх төлөвлөгөө юм. Хэрвээ энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж чадвал намын “даргад” “ангийн даргын” байраа солих шаардлага ч гарахгүй. Үнэндээ “ангийн даргын” байрнаас УИХ-ыг ч, Засгийг ч атгаж байгаа намын “даргад” одоогийн “зохион байгуулалт” хамгийн таатай хувилбар бөгөөд дээрх төлөвлөгөө чухам энэ байдлыг бэхжүүлж өгөх юм. Магадгүй “засаг дарга” бүх эрхийг атгах учир намын “дарга” “ангийн даргын” байраа “засаг даргаар” солино гэж бодож болох. Гэвч тийм шаардлага гарахгүй. Учир нь “аймгийн засаг даргад” намын “даргатай” өрсөлдөх арал чац ч, яс цус ч байхгүй. Тийм ч учраас “даргатан” 70 жил дангаараа улсыг удирдаж, дээд боловсролтноос дөнгүүрийг нь түүж ирсэн намаас шилж, сонгож, тунгааж байж техникумийн залууг “засаг дарга” болгосон юм. Үнэндээ “даргын” гайхамшиг нь “ангийн даргад” ч бус, “засаг даргад” ч бус харин намын “даргад” байгаа бөгөөд намын “даргын” эрх мэдлийн эх сурвалж нь дунд боловсролтой “бацааныг” ч дээд боловсролтой эрхмүүдийн дээгүүр нэр дэвшүүлэх эрхтэйд байгаа юм. Тийм учраас л АН-ын дотоод сонгууль, сунгаа МАН-д халдварлаж түүний энэ oнц эрхийг халах гээд байгаа учир Зи “даргын” эхлүүлсэн шинэтгэл түүний хувьд “зика вирус” шиг аюултай байгаа юм. Тиймээс л тэрээр дээрх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд, Н. Алтанхуяг, Н. Энхбаяр хоёроос айсан нэгэн аль байдгаараа хамжилцсан нь ойлгомжтой. Ийнхүү олигархуудын айдас Монголчуудыг авторитари дэглэмийн босгон дээр аваачаад байна.

------------------------
Бусад нийтлэлүүд:

Read 12893 times Last modified on Мягмар, 02 5-р сар 2017 18:19

Leave a comment

Email * */ ?>

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter